
Өмнөд Солонгосын хамгийн том интернэт банк болох KakaoBank (323410.KS) Монголын анхны нео банк М банкны хувьцааны 15%-ийг эзэмших гэрээ байгуулсан билээ. Тэгвэл одоо юу өөрчлөгдөх вэ?
🥉 3 дахь зах зээл: Энэ нь бол зүгээр нэг гадаадын хөрөнгө оруулалт биш гадаадын банк Монголын арилжааны банканд шууд хөрөнгө оруулсан анхны тохиолдол. Ингэснээр Монгол KakaoBank-ны 3 дахь гадаад зах зээл боллоо.
🌏 Бүс нутаг дахь тэлэлт
KakaoBank бол Азийн дижитал банкны зах зээлд хүч түрэн орж ирж буй туршлагатай тоглогч. Тэд 2023-2024 онд Индонезийн Superbank-д ₩114 тэрбумын хөрөнгө оруулалт хийж 10%-ийг нь эзэмшсэн бөгөөд тус банк 2025 онд IPO хийснээр KakaoBank-ны эзэмшлийн үнэлгээ ₩204.4 тэрбумд хүрч өсжээ. Түүнчлэн Тайландын SCBX групптэй хамтран BankX виртуал банкийг байгуулж, 10%-ийн хувьцааг нь эзэмшихээр болсон нь 2026 оны сүүлээр албан ёсоор нээлтээ хийх товтой байна.
🤝 Монгол дахь стратегийн түншлэл
KakaoBank М банкны шинээр гаргах хувьцааг худалдан авснаар тус банкны 2 дахь том хувьцаа эзэмшигч болно. Энэ нь KakaoBank-ны гадаад зах зээл дэх хөрөнгө оруулалтуудаас хамгийн өндөр хувь эзэмшиж буй тохиолдол юм.
💰 Санхүүгийн хүч: KakaoBank нийт актив ₩80.3 их наяд буюу $60 тэрбумаар хэмжигдэж байна. Энэ нь Монголын нийт арилжааны банкнуудын нийт хөрөнгөөс 2.3 дахин их дүн юм.
🏦 27.9 сая харилцагч: Өмнөд Солонгосын 51.1 сая хүн амын 55% орчим нь KakaoBank-ны идэвхтэй хэрэглэгчид бөгөөд энэ нь тус банкны технологи, дижитал экосистемийн цар хүрээг илтгэнэ. Харин М банк 4 орчим жилийн хугацаанд Монголын хүн амын 20% орчим буюу 700 мянган харилцагчийг эгнээндээ нэгтгэжээ.
🤔 Юу өөрчлөгдөх вэ?
Хамгийн түрүүнд зээлийн шалгуур үндсээрээ өөрчлөгдөж, MCS групптэй хамтарсан “KakaoBank Score” загвар нэвтэрснээр зээлийн шалгуур илүү уян хатан болж, хэрэглээний датанд тулгуурлан залуус, жижиг бизнесүүдэд санхүүжилтийн шинэ гарц нээгдэх хүлээлттэй байна. Үүнийг дагаад өрсөлдөөн эрчимжиж, дотоодын банкнууд үйлчилгээний нөхцөлөө сайжруулахын зэрэгцээ KakaoBank-ны шинэлэг бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрэх эерэг хандлага үүслээ.