
ҮСХ-ны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээр энэ оны III улиралд нэг өрхийн сарын дундаж бодит орлого ₮2.7 сая болж жилийн дотор ₮61.1 мянгаар, өмнөх улирлаас ₮8.5 мянгаар буурчээ.
😢 Цаасан дээрх өсөлт, халаасан дахь бууралт
Нэрлэсэн дүнгээр орлого ₮3.6 сая болж 10.3% өссөн ч үнийн өсөлт түүнээс давсан тул худалдан авах чадвар суларсан хэрэг. Сард ₮5 саяас дээш орлоготой өрхийн тоо 107.2 мянгаар нэмэгдсэн нь бодит баяжилт гэхээсээ илүү дан үнийн дүнгийн өсөлт байсан аж.
🔻 Бизнесийн орлого унав
Бууралтын гол шалтгаан нь өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 11.4%, тэр дундаа ХАА-н бус бизнесийн орлого 24.1% унасан явдал. Мөн хөрөнгийн орлого 65.8%, бусдаас авсан тусламж 30.4% буурчээ. Харин бодит цалин 2.5%, тэтгэвэр, тэтгэмж 3.6%, ХАА-н орлого 23.3% тус тус өсөж, уналтыг зөөллөв. Мөнгөн орлогын 59.5%-ийг цалин бүрдүүлж, өрхүүд цалиндаа улам түшиглэх болжээ.
🥺 Хэрэглээгээ танаж, зээлээ төлж байна
Бодит зарлага ₮144.8 мянгаар буурсан нь орлогын бууралтаас 2 дахин их. Хүнсний бус бараа, үйлчилгээний зардал 7.2% танагдаж, хүнсний зардал 2% өссөн нь өрхүүд зайлшгүй хэрэгцээндээ төвлөрч байгааг харуулна. Харин сарын дундаж зээлийн төлөлт ₮810.9 мянга болж 24.6% нэмэгдсэн бөгөөд нэрлэсэн орлогын 22.6%-ийг эзэлж байна. Өмнөх онд энэ дүн 20.0% байж. Өрхүүд хэрэглээнээсээ хумсалж зээлийн төлбөрт илүү мөнгө хуваарилж байна даа.
📌 Эрсдэл хэнд илүү тусах вэ?
Сард ₮1.1 саяас доош орлоготой өрхийн мөнгөн орлогын 83.5%-ийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлдэг тул тэд үнийн өсөлтөд хамгийн эмзэг байна. Цалингийн өсөлт үнийн өсөлтийг гүйцэхгүй бол өрхийн санхүүгийн дарамт цаашид нэмэгдэх эрсдэлтэй хэцүүхэн дүр зураг ажиглагдаж байна даа.