
Манай эдийн засагт гаднаас орж ирж буй $10 тутмын $8 нь нүүрс, зэс гэсэн ердөө хоёрхон түүхий эдээс хамааралтай байна. 2025 онд экспорт 7% орчмоор буурсан нь энэ хэт төвлөрлөөс үүдэлтэй. Ядаж бид арай олон төрлийн түүхий эд экспортолдог болоосой гэх нь ээ хайгуул маань явахгүй юм даа. 👇
💰 Км² тутамд $17
Цөөн түүхий эдийн үнээс хамаарах энэ эмзэг байдлаас гарах гарц нь эрдэс баялгийн төрлөө олшруулах, шинэ орд нээх явдал. Гэвч 2025 онд дэлхий даяар өнгөт металлын хайгуулд $12.4 тэрбум зарцуулахад Монголд ердөө $26.9 сая буюу 0.2% нь л ногдож, 47-р байрт бичигджээ. Энэ нь 1 км² талбайд $17 ногдож буй хэрэг. Мэдээж энэ дүн өрсөлдөгч Канад, Австралиас 14 дахин, Чилигээс бүхэл бүтэн 67 дахин бага.
🙈 Адилгүй: Хамгийн хачирхалтай нь, манайхтай ижил тооны буюу 9 компани хайгуул хийж буй Саудын Араб гэхэд л $235.9 саяыг хайгуулд зарцуулсан аж. Биднээс 9 дахин их хөрөнгө оруулсан гэсэн үг.
🔻 Шинэ ордын суурь нарийсжээ
Цаашлаад, Монголд 1994 оноос хойш 15 мянга гаруй хайгуулын лиценз олгосон ч өнөөдөр 1,031 нь л хүчинтэй үлдэж. Ашиглалтын лицензийн тоо 1,771 болж хайгуулынхаас давсан нь бид зөвхөн хуучин нөөцөө идэж, шинэ орд нээх сууриа бүрэн хумьсны дохио. Тэр тусмаа дэлхий нийтийн хошуурч буй чухал ашигт малтмалын хайгуул зогсонги байдалд оржээ.
⛏️ Ухдагаа л ухдаг: 2011 оноос хойш өрөмдсөн 2,385 цооногийн 90% нь зөвхөн алт, зэс дээр төвлөрсөн бол лити, лантанд ердөө 12 цооног өрөмдсөн ч илэрц гараагүй байна. Дэлхийд нөөцөөрөө 6-д ордог гэх гянтболдод сүүлийн 15 жилд нэг ч өрөмдлөг хийгдсэнгүй.
💡 Шийдэл: Нөөцөө эхлээд баталгаажуул
Улсын төсвийн геологийн төсөл 2022 онд 18 байснаа 2023 онд 2 болж танагдсан бөгөөд одоогийн хурдаар бүх нутгаа судлахад дахин 34 жил шаардлагатай. Тиймээс геологийн суурь судалгааны санхүүжилтийг тогтворжуулж, дата мэдээллээ нээлттэй болгон, гаднын хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчныг яаралтай бүрдүүлж, эмзэг байдлаа бууруулж экспортод гаргадаг эрдэс баялгаа солонгоруулах шаардлагатай байна.