
Ураны урт хугацааны нийлүүлэлтийн үнэ өнгөрсөн 10-р сард 1 фунт нь $99-т хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ.
⚡ Тогтвортой, хямд эрчим хүчний төлөө
Одоогоос 19 жилийн өмнө ураны урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний үнэ түүхэн өндөр буюу $95-т хүрч байсан түүхтэй. Тухайн үед уур амьсгалын асуудал хурцдаж, Хятад, Энэтхэг тэргүүтэй орнууд олон арван реактор барих төлөвлөгөө зарлаж байсан юм.
🔎 Харин энэ удаагийн ураны үнийн өсөлтөд 1 талаас дата төвийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа нь нөлөөлж буй. Тодруулбал, Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дэлхийн дата төвүүдийн цахилгааны хэрэглээ 2024 онд 415 ТВт.ц байсан бол 2030 онд 945 ТВт.ц болж 2 дахин өсөх төлөвтэй байна.
⛓️ Нөгөө талаас Ойрх Дорнодын хямрал газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд эрсдэл учруулах эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор улс орнууд үүнийг орлуулах эрчим хүчний өөр эх сурвалж хайх нь эрчимжиж буй.
Тогтвортой байдал болон эдийн засгийн үр ашиг талаасаа ч 1 цөмийн станц ажиллуулах нь нүүрс, байгалийн хийгээр цахилгаан үйлдвэрлэхтэй харьцуулахад жилд $319-$453 саяын түлшний зардал хэмнэх боломжтой тул ураны эрэлт цаашид ч нэмэгдэх төлөвтэй. Энэ ч утгаараа шинээр баригдаж буй болон AI дата төвүүдэд зориулсан станцууд ураны нийлүүлэлтээ урьдчилан баталгаажуулах нь нэмэгдэж байна.
🤨 Эрэлтээ хангаж дийлэх үү?
Дэлхийд тогтоогдсон олборлох боломжтой ураны нөөц 8.1 сая тн давсан. Нөөцөөрөө Австрали тэргүүлдэг ч олборлолт нь харьцангуй бага. Харин Казахстан дэлхийн нийт олборлолтын 40% орчмыг дангаараа бүрдүүлдэг. Дэлхийн ураны зах зээл хэт 1 улсаас хамааралтай байгаа нь ч асуудал болж ойрын ирээдүйд ураны нөөцтэй бусад орнууд ч анхаарлын төвд орох шинжтэй.
Эцэст нь… Азаар бид ураны төслөө урагшлуулж, 2028 оноос жилд ойролцоогоор 2,500 тн уран олборлох хүлээлттэй байна. Дэлхийн зах зээл дээр ч 2030 оноос нийлүүлэлтийн хомсдолд санаа зовж, худалдан авагчид шинэ эх үүсвэр хайж эхлэх тул нэг ч гэсэн боломжийг алдалгүй өрсөж хөдлөх боломжтой л байгаа нь яамай даа.