
Төсвийг хэтэрхий данхар, алдагдалтай хэмээн шүүмжилдэг ч өргөн барьснаар нь баталдаг жишиг тогтлоо. Энэ жишгээр ₮40.7 их наядын орлоготой, ₮43 их наядын зарлагатай, ₮2.3 их наядын алдагдалтай 2027 оны төсөв батлагдав.
🥴 Алдагдал хэвшил болов
Төсвийн алдагдал нэрлэсэн дүнгээрээ цар тахлын 2020 оны ₮2.2 их наядыг ч давж, 20 жилийн дээд цэгт хүрсэн нь энэ. Ингэснээр Монгол Улс сүүлийн 20 жилийнхээ 15-д нь төсвийн алдагдал хүлээхээр боллоо.
🥊 Алдагдлаа хэрхэх вэ? Засгийн газар алдагдлыг ДНБ-ийн 2% буюу хуулийн хязгаарт барьж, хөнгөлөлттэй зээл, дотоод үнэт цаасаар санхүүжүүлэх бөгөөд ₮6.4 их наяд хүртэлх бонд гаргах эрх авчээ.
👀 Ногдол ашгийн найдлага
Төсвийн орлогын ₮6.5 их наядын өсөлт бүхэлдээ ногдол ашгаас бүрдэх буюу ТӨК-иудаас ₮3.5, Оюутолгойгоос ₮3 их наяд орохоор тооцсон. Нэмээд орлогын таамагт 110 сая тн нүүрс экспортолж, зэсийн үнийг $12,700 байна гэж тусгажээ. Хэрэв түүхий эдийн үнэ унаж орлого тасарвал төсөвт тусгагдсан хөтөлбөрүүд зогсож, ирэх оны татварыг урьдчилан татах эрсдэлтэй.
📌 Түр орлого, байнгын зардал: Цаашлаад нийт зарлагын 77.5%-ийг цалин, тэтгэвэр зэрэг урсгал зардал эзэлнэ. Нэгэнт нэмсэн цалинг буцаах боломжгүй тул орлого дутвал алдагдал тэлнэ. Мөн цалин нэмэхийн тулд бусад зардлыг танаснаар эмнэлэг, сургуулийн хэрэглэгдэхүүн дутах эрсдэлтэй.
🛑 Үндэслэл сул хөрөнгө оруулалт
Төсөвт суусан 318 шинэ төслийн 58 нь хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүйг ҮАГ тогтоосон. Мөн Нээлттэй нийгэм форумын судалснаар 202 төсөл хүчин чадлын мэдээлэлгүй, ижил барилгуудын өртөг 2.7 дахин зөрүүтэй атлаа ТЭЗҮ, зураг төсөв нь олдохгүй байгаа аж.
Эцэст нь... Эдийн засаг тэлж буй үед төсөв алдагдалтай байж болох ч зардал, хөрөнгө оруулалт нь оновчгүй,орлого нь баталгаагүй байгаа энэ нөхцөлд маш их эрсдэл дагуулахаар байна даа.