
Монгол Улс 2026 оны эхний 10 сард $28.8 тэрбумын гадаад худалдаа хийж, экспорт импортоосоо $6.9 тэрбумаар давлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин их, өмнөх оргил болох 2023 оны $4.9 тэрбумаас 40% өндөр дүн юм.
💸 Экспорт: 6 жилд бараг 3 дахин
Жилийн эхний 10 сарын экспорт 2020 онд $6 тэрбум байсан бол энэ жил $17.9 тэрбумд хүрсэн байгаа юм. Тэр дундаа нүүрсний экспорт 88.9 сая тн болж жилийн өмнөхөөсөө 36.9%, зэсийн баяжмал 2.13 сая тн болж 15%, төмрийн хүдэр 7.45 сая тн-д хүрч 3.2% тус тус өсжээ. Нэмээд ноолуурын экспорт 24.6% өссөн нь уул уурхайн бус салбарын сайн мэдээ.
👀 Хоёрхон тулгууртай эдийн засаг
Эхний 9 сарын байдлаар экспортын орлогын 43.7%-ийг зэс, 36.9%-ийг нүүрс бүрдүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, $10 тутмын $8 нь хоёрхон бүтээгдэхүүнээс орж ирж байна. 2025 онд экспорт 7% орчмоор буурч байсан нь энэ хамаарал хэр эмзэг болохыг харуулсан.
🔻 Өсөлтийн хурд саарч эхэллээ
Эхний 8 сард 57.2% байсан экспортын өсөлт 9 сард 51.3%, 10 сард 46% болж буурав. Хятадын Ганцмод боомтод нүүр таних систем суурилуулж буйгаас Оюу толгойн зэсийн баяжмалын тээвэр 10-р сарын сүүлээр 70% орчмоор унасан. Энэ ажил 12-р сарын сүүл хүртэл үргэлжилж магадгүй гээд байдаг.
🥊 Импортын түлш ба хүнс: Экспортын нөгөө талд импорт 17.1% өсөж $11 тэрбумд хүрснээс 24.1% нь нефтийн бүтээгдэхүүн. Автобензиний импорт 11.5%, дизель түлшнийх 14.2% нэмэгджээ. Хүнсний импорт ч огцом өссөн харагдана.
Эцэст нь... Түүхэн дээд хэмжээг шинэчилсэн гадаад худалдааны ашиг бол сайн мэдээ ч энэ нь түүхий эдийн үнэ, хилийн нэвтрэх чадвар, Хятадын эрэлтээс шууд хамааралтай хэвээр. Ганцмодын хязгаарлалт үлдсэн 2 сард тэнцлийг хэр бууруулах нь жилийн эцсийн дүнг тодорхойлох нь дээ.