
Дэлхий даяар ногоон шилжилт эрчээ авч буй энэ үед Хятад Канадын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бондоо гаргалаа. Сонирхолтой нь тус бондын эрэлт нийлүүлэлтээсээ 13.5 дахин давсан аж.
💰 ¥54 тэрбумын захиалга
Урд хөрш түүхэндээ анх удаа Канадын зах зээлд ногоон бонд гаргаж, хэдхэн цагийн дотор ¥4 тэрбумыг амжилттай татан төвлөрүүллээ. Гэтэл хөрөнгө оруулагчид ¥54 тэрбумын захиалга ирүүлсэн нь эрэлт нийлүүлэлтээсээ даруй 13.5 дахин давсныг харуулав. Энэ нь ₮29.2 их наяд буюу ирэх оны улсын төсвийн зарлагын 67%-тай тэнцэх дүн гэсэн үг юм, базарваань.
🔎 Хөрөнгө оруулагчдын төрөл: Бондын арилжаанд Ази хөрөнгө оруулагчид хамгийн идэвхтэй оролцож, нийт дүнгийн 78%-ийг дангаараа бүрдүүлсэн бол 15%-д нь Канад болон Америк хөрөнгө оруулагчид оролцжээ. Харин оролцогч байгууллагын төрлөөр ангилбал арилжааны банкууд нийт захиалгын 45%-ийг бүрдүүлсэн бол үлдсэнийг төв банкууд болон хөрөнгө оруулалтын сангууд хуваан эзэлжээ.
👀 Алсын хараа: Хятад өмнө нь Европ болон Саудын Арабын зах зээлд амжилттай бонд гаргаж байсан түүхтэй. Сонирхолтой нь Хятад энэ удаад барууны орнуудын томоохон түнш болох Канадын зах зээлийг ийнхүү сонгосон нь ¥-ийн олон улсын нөлөөг тэлэх, улмаар $-ын хамаарлыг бууруулах урт хугацааны стратегийнх нь чухал нэг алхам болоод байна.
🤝🏻 Шинэ боломж нээгдэв үү
Сүүлийн жилүүдэд Оттава, Бээжингийн геополитикийн харилцаанд амаргүй цаг үетэй нүүр тулаад байв. Гэсэн ч энэ удаагийн бондын арилжаанд Канадын хамгийн том банк болох Royal Bank of Canada (RY.TO) андеррайтераар ажиллажээ. Үүнийг шинжээчид хоёр улсын эдийн засгийн харилцаа эргэн сэргэж буйн том дохио хэмээн үзсэн байна.
Түүнчлэн хоёр улс ХАА-н бүтээгдэхүүний тарифын хөнгөлөлтийн гэрээгээ 2028 оны эцэс хүртэл сунгаж, Канадын экспортыг Хятад руу нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ.
Эцэст нь… Улс төрийн тавцанд яаж ч муудалцсан хоёр улсыг эдийн засгийн ашиг сонирхол нэг ширээнд суулгаж чаддаг ажээ. Дараагийн удаа Хятад хаана бонд гаргах бол гэдэг тун сонирхолтой.