
Хотын захиргаа 2027 оны төсвийн хүрээнд авто зам, нийтийн тээвэр, их багтаамжийн тээвэр, сургууль, ухаалаг гэрэл дохио, дугуйн зам гэсэн 6 чиглэлээр түгжрэлийн эсрэг ажиллахаар байгаа. Юу хийх вэ?
🚌 160 автобус
Энэ хүрээнд ирэх онд 160 автобус авах аж. Ингэвэл хотын зам дээрх автобусны тоо 1.3 мянгад дөхнө. Хуучин автобусыг хасахгүй гэж тооцсон ч парк 14%-иар л тэлж, нийтийн тээврийн ашиглалт 24%-иас 27% болж ялимгүй өснө гэсэн үг.
🛑 Эрсдэл: Иргэдийн 56% нь хувийн машинаараа зорчиж, ердөө 24% нь нийтийн тээвэр ашигладаг манай хотод автобус нэмэх нь түгжрэлийг сааруулахаас илүү төсвийн татаасыг нэмэх эрсдэлтэй.
🛣️ Авто зам, нийтийн тээвэр ба тендер
Дараагаар нь Механик Инженерийн Сургуулийн уулзварыг олон түвшинтэй болгож, Баянбүрд, Офицеруудын тойргийг 4 замын уулзвар болгон өөрчилнө гэнэ. Түүнчлэн 14.3 км "Баруун гарц" хурдны зам, Эмээлт-Өлзийт чиглэлийн 12 км зам барихаар төлөвлөжээ. Нийтийн тээвэрт богино эргэлтийн 16 чиглэл нээж, 2026 онд 60 цахилгаан, 40 хүүхдийн, 50 дунд оврын автобус худалдан авахаар тендер зарласан ч компаниудын гомдлоос үүдэн хугацаа алдаж байгаа аж.
🚏 Нэмэлтүүд: Эдгээрээс гадна метроноос 5-6 дахин хямд, батарейгаар ажилладаг хөнгөн галт тэрэг, ART ба дүүжин тээвэр зэрэг төслүүдийг урагшлуулж сургуулийн хүртээмж, дугуйн замд анхаарна гэж байгаа. Цаасан дээрхээр бол дугуйн замын урт 3.5 дахин уртсах нь.
🚸 Төлбөрийг хэн төлөх вэ?
Автобус нэмэгдэхээр нь зардал нэмэгдэнэ. Зорчих үнэ 2025 онд 11 жилийн дараа өсөж, цахим төлбөр нэвтэрснээр орлого ₮33 тэрбумаас ₮56.7 тэрбум болсон ч 2024 оны нийт зорчилтын 40.3% нь төлбөргүй байсан даа. Түгжрэлийг бууруулах санаануудаа сайтар тооцоолж, тендер болон бүтээн байгуулалтыг ил тодоор хянаж чадвал үр дүн гарах л байх. Ногоон автобусны шиг хэргүүд л холуур байгаасай билээ.