
Монголын 3 барагдашгүй их тэмцэл. Тэмцээд, тэмцээд үр дүнгүй авлига 1 тэмцэл, тэмцээд, тэмцээд буурдаггүй утаа 1 тэмцэл, тэгш, сондгойгоор нь ангилаад ч шингэрдэггүй түгжрэл 1 тэмцэл юм даа. Энэ дундаас ЗГ утааны тэмцлээ эрчимжүүлж, 5 жилд ₮14.9 их наядыг зарцуулах төлөвлөгөө боловсруулсан байна.
🙄 Зүгээр салхинд найдвал яадаг юм!
Өнгөрсөн 10 гаруй жилд утаатай тэмцэхэд улсын төсвөөс ₮1.9 их наядыг зарцуулав. Үр дүнд нь утаа буурах бус зарцуулсан мөнгө нь утаараад дууссан. Гэтэл энэ удаа Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороо 2026-2030 онд 7 чиглэлийн нийт 53 төсөл, хөтөлбөрт ₮14.9 их наядыг зарцуулах нүсэр төлөвлөгөөгөө танилцууллаа.
👉🏻 Юунд зарцуулах вэ? Уг төлөвлөгөөний гол хэсэг нь эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд ₮10.1 их наяд, гэр хорооллын хатуу түлшний хэрэглээг бууруулж, орон сууцжуулахад ₮4.7 их наядыг зарцуулах аж.
🦹🏻♂️ Өнгөрсөн ба одоо
2017-2025 онд хэрэгжсэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр бол Монголын агаарын бохирдолтой тэмцэх хамгийн том цогц бодлого байв. 2 үе шаттай хэрэгжсэн уг хөтөлбөрт нийт ₮9.9 их наядыг зарцуулна хэмээн баталж байв. Үр дүнд нь 2025 он гэхэд утаа 2016 оныхоос 80% буурах учиртай байв. Утаа буурсан эсэх дээр цэлмэг ухаант уншигч та өөрийн дүгнэлтээ гаргана биз ээ. Аудитын шалгат нь өнгөрсөн 8-р сард эхэлсэн байна лээ.
💔 Харамсалтай нь, өнгөрсөн онд болсон утааны сонсголоор эрх баригчид өнгөрсөн хугацаанд утаанд яг хэдийг зарцуулсан болон ямар хэрэгжилттэй байсан нь тодорхойгүй, энд тэнд зөрүүтэй тоо ярьсан ёстой л утааны утаарсан сонгсол болсон доо.
Эцэст нь… “Яндаад яндаад барагддаггүй, яасан сайхан далай вэ” гэдэг шиг төсвөөр тэтгүүлсэн төсөл, хөтөлбөрийн дүн жил ирэх тусам л нэмэгдэж, хэрэгжилт мартагдсаар. Ирэх 5 жилд, жил бүр утаанд ₮3 их наядыг зарцуулах төлөвтэй боллоо. 2030 он гэхэд энэ их хэмжээний мөнгө амласан үр дүнгээ авчрахгүй бол тэр үед яана аа.