
Олон сар хүлээсний эцэст AI-н аварга Anthropic-н 400 хуудастай проспектус олон нийтийн дунд ил боллоо. Тэгвэл тус проспектусаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж буй гол мэдээллүүдийг харцгаая.
🚨 Сар хагасын хугацаа
Ирэх сарын 16-ны долоо хоногт багтан Anthropic Nasdaq бирж дээр $ANT тикертэйгээр IPO хийнэ. Хөрөнгийн зах зээлээс нийт $100 тэрбумыг татан төвлөрүүлж, өнгөрсөн зун SpaceX (SPCX)-н тогтоосон $75 тэрбумын амжилтыг эвдэх магадлал тун өндөр аж. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ $1.5-$2 их наядад хүрч, түүхэн дэх хамгийн том IPO болох хүлээлт үүсжээ.
🧮 Нээлттэй тайлан
2026 оны эхний хагаст Anthropic $16.3 тэрбумын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 14 дахин өссөн үзүүлэлт болжээ. Гэвч дансны бүртгэлээс хамаарч 2025 оны бүтэн жилийн $42 тэрбумын цэвэр алдагдал энэ эхний хагаст $80.7 тэрбумд хүрээд байна. Нөгөөтээгүүр, Claude-н борлуулалт өссөнөөр II улиралд дангаараа $974 саяын үйл ажиллагааны ашигтай ажилласан аж.
👀 Заавал харах зардал: Anthropic-н үндсэн хөрөнгийн зардал харьцангуй бага буюу $500 сая орчим байсан ч бусад компаниудаар дамжуулан AI дэд бүтцэд $8.9 тэрбумыг зарцуулжээ. Цаашид үүлэн үйлчилгээ болон чип нийлүүлэлтийн урт хугацааны гэрээнүүдийн хүрээнд $430 тэрбумын төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.
💰 Саяхны том хэлцэл
IPO-н мэдээтэй зэрэгцэн Уолл Стритийн томоохон банкнууд болон Blackstone (BX) нар хамтран $63 тэрбумын санхүүжилтийн багц бүрдүүлжээ. Уг санхүүжилтээр тусгай зориулалтын компани (SPV) байгуулж, Broadcom (AVGO)-с AI чип худалдан авч Anthropic-т лизингээр ашиглуулах юм. Ингэснээр Anthropic шаардлагатай чипээ ашиглах боломж бүрдэж, Broadcom нийт $161 тэрбумын чипний захиалга авахаар болов.
Эцэст нь… Удахгүй зах зээлийг цочроох уг IPO-н гол андеррайтераар Goldman Sachs болон Morgan Stanley нар ажиллаж байна. Компанийн Гүйцэтгэх захирал Дарио Амодеи болон үүсгэн байгуулагчид AI-г хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий технологиудын нэг хэмээн үзэхийн зэрэгцээ эрсдэлийг нь ч нухацтай авч үзэж байна гэнэ шүү.