
Toshiba (6588.T) Дарханы дэд станцад батарей хуримтлуур болон эрчим хүчний удирдлагын системийн үйлдвэрлэлээ эхлүүллээ.
💸 ¥2 тэрбумын буцалтгүй тусламж
Энэ нь 4 жилийн өмнө Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй гол ажлуудын нэг юм. Уг төсөлд Японы Засгийн газар ¥2 тэрбумын буцалтгүй тусламж олгож, 2027 оны 12-р сар гэхэд Дарханы 10 МВТ-ын нарны цахилгаан станцыг батарей хуримтлууртай холбон, сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд илүү тогтвортой нийлүүлэх загвар бий болгохоор зорьж буй.
🗞️ Сонин сайхан: Дарханы нарын цахилгаан станц 2017 онд ашиглалтад орсон бөгөөд төвийн эрчим хүчний сүлжээнд жилд 18.5 сая кВТ.ц эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай.
🔋 2 төрлийн батарей, 1 удирдлагын систем
Технологийн хувьд Toshiba SCiB™ лити-ион батарейг ашиглан нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн богино хугацааны хэлбэлзлийг шуурхай зохицуулах бол нөгөө төрлийн батарей нь цахилгаан эрчим хүчийг хуримтлуулах үүрэгтэй. Мөн нарны эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээний ачааллыг урьдчилан тооцож, батарейн ажиллагааг нэгдмэл байдлаар удирдах аж.
🎮 Алсын болон ойрын удирдлага: Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн төв болон Дархан дахь салбараас системийг алсаас хянах, удирдах боломжтой гэнэ.
🤔 Сэргээгдэх эрчим хүчний хуримтлал
Энэ оны байдлаар Монголд нарны 11, усан 7, салхин 3 станц, 5 цэнэг хуримтлуурын станц бий. Одоогоор эрчим хүчний үйлдвэрлэл болон түүнийг хадгалах батарей хуримтлуурын хүчин чадал хангалтгүй байгаа ч төв, баруун болон зүүн бүсэд зарласан эрчим хүчний аукционаар нарны цахилгаан станцыг дагалдуулан батарей хуримтлуур барьж буй нь сайн хэрэг.
Эцэст нь… Сүүлийн үед Хятадад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ төвийн шугамд шингэж чадахгүй хаях нь ихсэж, салбарынхан хямрах болсон. Уг асуудлыг салбарынхан дан ганц батарей хуримтлуурын дутагдлаас гадна нүүрсний хэрэглээ өндөр байгаатай холбоотой гэж үзэж буй. 3 бүсэд томоохон сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй бидний хувьд ч урьдчилж тооцоолох ёстой л асуудал.