
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр өнгөрсөн сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 401 компани Монгол Улсад 1.9 сая га талбай бүхий нийт 640 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эдгээр лицензийн 494 нь гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компаниудад, үлдсэн 146 нь Монголын талтай хамтарсан аж ахуйн нэгжүүдэд ногдож байна.
😳 10-ын 6 нь шүү дээ, базарваань
Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай 310 компанийн 207 нь Хятад титэмтэй. Эдгээр компани уг ангилал дахь нийт тусгай зөвшөөрлийн 61.1% буюу 302 лицензийг, нийт талбайн 60.7%-ийг эзэмшиж байна. Дээр нь Хонконгийн хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол энэ үзүүлэлт 2/3-т хүрнэ.
📌 Мөн Монгол, Хятадын хамтарсан 41 компани 56 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ийнхүү 100%-ийн болон хамтарсан хөрөнгө оруулалтыг нэгтгэж үзвэл Хятадын оролцоотой тусгай зөвшөөрлийн тоо 358-д хүрч байна.
🇰🇷🇯🇵 Хамтын ажиллагааг илүүд үздэг
Хятадын хөрөнгө оруулагчдын тусгай зөвшөөрлийн 84% нь бүрэн гадаад эзэмшилд байхад Өмнөд Солонгос, Япон, Оросын хувьд эсрэг дүр зураг ажиглагдана. Өмнөд Солонгосын тусгай зөвшөөрлийн 68%, Японых 77%, Оросынх 73% нь монгол талтай хамтарсан компаниудын гарт байна. Тэр дундаа Монгол-Солонгосын 8 компани 118 мянган га талбай эзэмшиж, хамтарсан компаниудын нийт талбайн 29%-ийг дангаараа бүрдүүлж буй.
🇨🇦 Цөөн компани, том талбай: Канадын 12 компани ердөө 19 тусгай зөвшөөрөлтэй ч 198 мянган га буюу гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай талбайн 13.4%-ийг эзэмшдэг. Нэг зөвшөөрөлд ногдох талбай нь дунджаар 10.4 мянган га байгаа нь бусад дунджаас 3.5 дахин их байна.
🤔 Лицензийн цаана хэн байна вэ?
Хонконг, Сингапур, Британийн Виржиний арлууд, Люксембург, Сейшел зэрэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд гадаадын лицензтэй нийт талбайн 18.7%-ийг эзэлж байна. Гэвч бүртгэлтэй улс нь эцсийн өмчлөгчийн харьяалалтай заавал давхцах албагүй. Тиймээс зөвхөн компанийн бүртгэлийн мэдээллээр хязгаарлахгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох нь уул уурхайн салбарын бодит эзэмшлийн бүтцийг тодорхойлоход нэн чухал юм.