
ЗГ өнгөрсөн Баасан гарагт Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах 1 удаагийн хуулийн төслөө УИХ-аас татан авлаа. Ингэснээр ногдол ашгийг Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалт хэвээр үлдэж байна.
📝 Иргэд хуримтлалыг сонгов
Төслөөр Оюу толгойгоос 2027 оны төсвийн орлогот ногдол ашгаар төвлөрөхөөр тооцсон ₮3 их наядаас ₮2 их наядыг нь эрчим хүч, боловсролд зарцуулахаар төлөвлөсөн байв. Гэвч E-Mongolia-р явуулсан санал асуулгад оролцсон 95,621 иргэний 83% орчим нь ОТ-н ногдол ашгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах эсвэл хадгалахыг сонгожээ.
📌 Гол асуудал нь итгэлцэл
Хөгжлийн төсөл санхүүжүүлэх салбарыг сонгоход оролцогчдын 50.6% нь эрчим хүчийг нэрлэсэн байна. Энэ нь иргэд эрчим хүчний хөрөнгө оруулалтыг эсэргүүцээгүйг харуулна. Харин төр мөнгийг хэрхэн зарцуулж, үр өгөөжийг нь хэрхэн тайлагнах вэ гэдэг асуулт үлдэж буй.
⚡️ Эрчим хүчний хэрэгцээ: Хөрөнгө оруулалт хойшлох тусам өвлийн оргил ачаалал, цахилгаан тасалдах эрсдэл буурахгүй.
👀 Санал асуулгын хязгаар: Оролцогчдын тоо нийт хүн амын 3%-д хүрэхгүй тул үр дүнг нийт иргэдийн төлөөлөл гэж шууд үзэхэд хэцүү.
⚠️ Тодорхойгүй дүн: ₮3 их наядын тооцоо компанийн жилийн эцсийн үр дүн, зээлдүүлэгчидтэй хийх тохиролцооноос хамаарах байтал санхүүгийн жил ч дуусаагүй байхад төсвийн орлогод тооцох нь учир дутагдалтай билээ.
Эцэст нь… Төсөл бүрийн зардал, өгөөжийг нээлттэй тайлагнаж, хөрөнгө оруулалтад хараат бус хяналт тавьж чадвал ногдол ашиг гэдэг сэдэв маргаан бус, урт хугацааны өгөөж болно. Гэтэл татварын орлогын зарцуулалтыг задаргаа бүрээр нь олон нийтэд нээлттэй болгох хуулийн төслийг хэлэлцүүлэх санал дэмжигдээгүй байдаг. Аяа, яа.