Та Хөрөнгийн зах зээлд оролцон хувьцаа, бонд худалдан авахын тулд Брокерийн компаниар заавал дамжуулах ёстой байдаг. Иймд та өөрийн үйлчлүүлэх Брокерийн компанийг сонгохдоо дараах хэд хэдэн зүйлд анхааралаа хандуулах хэрэгтэй.
Таны төлөх шимтгэл
Шимтгэл бол таныг арилжаа хийх тутамд Брокерийн компаниас авдаг үйлчилгээний хөлс юм. Брокеруудын шимтгэлийн хэмжээ харилцан адилгүй байдаг бөгөөд өнөөдөр компаниудын дундаж шимтгэлийн хэмжээ 2.5%-3% хувь байна.
Жишээлбэл, Та 100,000 төгрөгөөр “А” компанийн хувьцаа худалдан авлаа гэж үзье. Харин таны шимтгэлийн хэмжээ 3% байдаг. Энэ тохиолдолд Брокер таниас 3,000 төгрөгийн шимтгэл авах болно.
Харин та хэсэг хугацааны дараа “А” компанийнхаа хувьцааны ханш өссөн үед нь 150,000 төгрөгөөр зарсан. Энэ тохиолдолд Брокер таниас үйлчилгээний хөлсөнд 4,500 төгрөг авна.
Иймд Брокер нь үйлчилгээний хөлсөө /шимтгэл/ таныг хувьцаа авах эсүл зарах тутамд авдаг гэж ойлгож болно.
Анхаарах зүйл:
Та данс нээлгэх үедээ тухайн Брокероосоо таниас авах шимтгэл цаашид буурах боломжтой эсэхийг лавлаж асуугаарай. Зарим Брокерын компанийн шимтгэлийн хэмжээ тодорхой нөхцөлөөр буурдаг. Жишээ нь: Тогтмол үнэт цаасны арилжаанд орж, тодорхой үнийн дүнгийн нөхцөл хангасан гэх мэт.
Ямар ч нөхцөлд арилжаанд оролцох боломжоор хангах
Бид үргэлж компьютерийн ард суугаад үнэт цаасны арилжаанд оролцох боломж байдаггүй. Энэ тохиолдолд Брокерийн компани нь танд үнэт цаасны захиалгаа утасаар, факсаар болон цахим шуудангаар өгөх боломжийг хангаж өгсөн байх хэрэгтэй.
Мэдээлэлээр хангах
Хөрөнгийн зах зээлийн тоглогч болно гэдэг байнга мэдээлэлтэй байх хэрэгтэй. Брокер таныг дансны мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээлэлээр хангаж байх хэрэгтэй.
Зөвлөгөө өгдөг байх
Хөрөнгийн зах зээлийг анхнаас нь суралцаж байхад мэдэхгүй зүйлс их тохиолддог. Энэ үед таны сонгосон Брокер танд хэрэгтэй зөвлөгөөг өгдөг байх хэрэгтэй.