Ард санхүүгийн нэгдлээс “Хөрөнгө оруулалтаа амилуулах аян” зарлажээ. Тодруулбал, энэ сарын 16-наас 21-ныг хүртэл тус санхүүгийн нэгдлээс иргэдэд хувьцааны талаарх бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм байна. Тухайлбал, 1990 оны өмч хувьчлалаар иргэдэд цэнхэр, ягаан тасалбар тараасан байдаг. Уг тасалбарыг хэрхэн ашиглах, хувьцаандаа яаж хяналт тавих, ирэх жилүүдэд болох төрийн өмчийн хувьчлалд хэрхэн оролцож, хөрөнгө оруулалт хийх зэрэг талаар зөвлөгөө өгч байна. Тиймээс хувьцааны талаар “Ард Секюритиз” үнэт цаасны компанын хөрөнгө оруулалтын менежер Б.Лхамдолгортой ярилцлаа.
1990 оны өмч хувьчлалыг иргэдэд цэнхэр, ягаан тасалбарыг хувьцаа хэлбэрээр тараан хийсэн. Энэ тасалбарыг хэрхэн яаж ашиглах боломж байна бэ?
Ерэн оны өмч хувьчлалаар иргэд цэнхэр, ягаан тасалбар авч аж ахуйн нэгжүүдийн хувьцаа эзэмшигч болсон. Үүнээс хойш тус өмч хувьчлалаар авсан хувьцаагаа үр ашигтай ашигласан, хөрөнгөндөө хяналт тавьж, хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлсэн хөрөнгө оруулагчид байхад, хувьчлалаар авсан хөрөнгөө ашиглаж, хөдөлгөөнд оруулаагүй иргэд бас байна. Жишээ нь өнөөдрийн байдлаар Үнэт цаасны төлбөр тооцооны төвд 250 мянга орчим иргэн ногдол ашиг болон ногдол хувиа хөдөлгөөнд оруулалгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ хөрөнгийн төвлөрөл одоогоор 10 гаруй тэрбум төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэд ямар компанийн хувьцаа авсанаас хамаарч нэг хүнд 10 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн ногдол ашиг хуримтлагдсан байгаа юм. Гэтэл иргэд энэ их хөрөнгөө хөдөлгөөнд оруулалгүй, идэвхгүй хадгалж, үнэгүйдүүлсээр байгаа юм. Иргэд тус ногдол ашгаа ашиглаж үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж, хувьцаагаа хөдөлгөөнд оруулах хэрэгтэй.
Иргэдийн ихэнх нь цэнхэр ягаан тасалбараа үнэгүй, хэрэггүй болсон гэж ойлгодог. Энэ ямар учиртай юм бэ. Тухайн тасалбара хадгалаагүй иргэд, хаана хандаж, өөрт хичнээн хувцьаа байгааг хэрхэн мэдэх боломжтой бэ?
1990-1994 онд иргэн бүрт хувьцаа хэлбэрээр, цэнхэр ягаан тасалбар тараасан. Тэгэхээр 1980 оноос өмнө төрсөн бүх хүнд ийм хувьцаа очсон гэсэн үг. Харин 1980 оноос хойш төрсөн хүмүүсийн хувьцаа эцэг эхийнх нь нэр дээр бичигдсэн байгаа. Тиймээс иргэд өөрт нь хувьцаа байгаа эсэхийг мэдэхийн тулд Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дээр паспорттойгоо очоод дансаа шүүлгэж, өөрт юу байгаагаа мэдэх. Тэгээд үнэт цаасны брокерын компани дээрээ очиж зөвөлгөө авч хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж буй хувьцаагаа хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Тухайн үед 500 кампанийн хувьцаа тараасан үүний 235-нь одоо Хөрөнгийн Биржид хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, бусад компаниуд нь дампуурч эсхүл хэлбэрээ өөрчилж Биржийн бүртгэлээс хасагдсан байгаа. Нэг ширхэг ч байсан таны хувьцаа, хувцьааа бол хөрөнгө.
Тиймээс хүн ямар хөрөнгө эзэмшиж буйгаа мэдэж, түүндээ анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Аль болох хөрөнгөө үнэгүйдүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л цэнхэр, ягаан тасалбар авч байсан нэг харилцагч ирээд, хувьцаагаа шүүлгэхэд өөрийнх нь хувьцаа 7 сая төгрөгийн үнэлгээтэй, бэлэн мөнгөөр авах ногдол ашиг нь 1.7 сая төгрөг болчихсон байна шүү дээ. Тэр хүн өнгөрсөн 20 гаруй жилд хувьцаагаа нэг ч удаа шалгаагүй байж. Гэхдээ заримынх нь дампуурсан байгаа. Тиймээс иргэн бүр хувцьаагаа байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Цаашид Төрийн өмчийн хувьчлалууд болно. Тиймээс иргэд хувьцааны талаар мэдлэг, мэдээлэлтэй байж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Иргэд дансанд нь ногдол ашиг орсон бол түүнийгээ мэдэж, хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямарч үнэ цэнэгүй хүү бодогдохгүй байршиж байна. Иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж дансаа шүүлгэж, хуулгаа аваад манай компани дээр ирж хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байна гэдэг дээр зөвөлгөө авч, брокерын үйлчилгээ авах боломжтой. Манайх Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй ихэнхи компанийн судалгааг тогтмол хийдэг тул зөвлөх болон жуулчлалын үйлчилгээг өндөр түвшинд хийж байна.
Хувьцаагаа яаж үнэд хүргэх бэ?
Цаашид үнэд хүрэх сайн компанийн хувцьаа бол хадгалаад явж болно. Үнэ цэнэд хүрэхгүй байвал зараад, өөр ашигтай компанид хөрөнгө оруулах хэрэгтэй. Манай компани өнгөрсөн онд ийм юм хийсэн, цаашид төлөвлөж буй ажлаа хувьцаа эзэмшигчиддээ танилцуулдаг, засаглал сайтай компанид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тухайн компани хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг нь хамгаалдаг, хөрвөх чадвартай байх ёстой. Сайн компанийн хувьцаа авахгүй бол үнэгүйдэх магадлал өндөртэй. Жишээлбэл, “Говь” Хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа тогтмол хийж, хөрөнгө оруулагчиддаа мэдээлэл хүргэдэг. Нөгөө талаас Хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч үйл ажиллагааны мэдээллээ хувьцаа эзэмшигчддээ хүргэдэггүй компаниуд бас байна.
Хувьцаа арилжаалагдахгүй, иргэд хувьцааны талаар мэдлэггүй байх нь эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй бэ?
Хувьцаа хөдөлгөөнд орохгүй, хөрөнгийн зах зээл хөрвөх чадваргүй байна гэдэг чинь эдийн засгийн цусны эргэлт зогсож буйтай адил бөгөөд асар сөрөг нөлөөтэй байхгүй юу. Иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болчихвол эдийн засагт эергээр нөлөөлнө гэсэн үг. Тиймээс иргэдийг хөрөнгийн зах зээлийг сонирхооч ээ, ирээдүйд ямар байгууллагууд өмч хувьчлалд орох бэ, хэрхэн яаж хувь эзэмших бэ зэргээ мэддэг болооч гэж хэлмээр байна.
Тэгвэл хөрөнгийн зах зээл хөгжөөд, иргэд олноороо хувьцаатай болчихвол эдийн засагт яг ямар өөрчлөлт гарах бэ. Наад зах нь?
Зээлийн хүүгийн түвшин буурна. Жишээлбэл иргэд мөнгөө банкинд дээд тал нь 15 хувийн хүүтэй хадгалуулдаг. Банк иргэд аж ахуй нэгжүүдэд тэр мөнгийг нь 20-24 хувийн хүүтэйгээр зээлдүүлдэг. Банкнаас зээл аваад тогтмол төлдөг аж ахуй нэгжүүд бол санхүүгийн сахилга баттай байна. Тэд томоохон санхүүжилтээ хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа болон бонд гарган татах хэрэгтэй. Энэ нь эргээд зах зээлд хүүгийн түвшинг бууруулах томоохон хөшүүрэг болно.
Банкны хадгаламж хувьцаа хоёрын гол ялгаа, иргэд яагаад хувьцаатай байх ёстой юм бэ?
Банкинд мөнгө хадгалуулах нь хуримтлал. Богино хугацааны хэрэглээний хуримтлал. Тухайн банк ашигтай ажиллаа гэхэд танд ногдол ашиг орохгүй. Харин хувьцаа гэдэг нь хөрөнгө оруулалт. Тухайн компанид хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Тухайн компанийн бодит эцсийн ашгийг хувьцаа эзэмшигчид хүртэнэ. Ард санхүүгийн нэгдэл ашигтай ажиллаа гэхэд хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ өснө. Нийт масс тухайн компанийн олж байгаа ашгаас хүртэх ёстой, тийм болохоор компанийн засаглалаа сайн хэрэгжүүлдэг, идэвхтэй компанын хувьцааг худалдаж авах хэрэгтэй.
Их хэмжээний мөнгөтэй хүн л хувьцаа худалдаж авах боломжтой гэх ойлголт нийгэмд байдаг?
Хөрөнгө оруулалтын хамгийн анхны хувилбар бол хувьцаа. Жишээлбэл, үл хөдлөх худалдан авч хөрөнгө оруулалт хийгээд, түрээсийн төлбөрөөр орлого олж, үнийн өсөлтөөс ашиг хүртэж болно. Тэгтэл үл хөдлөх хөрөнгө авахад хамгийн багадаа 100 сая төгрөг шаардлагатай. Хувьцаа гэдэг маань бага багаар хэсэгчилж авч болдог. Хувьцаа тухайн компаниасаа хамаараад янз бүрийн үнэтэй. Жишээлбэл, “Монгол шуудан” компанийн нэгж хувьцаа 340 төгрөг, тэгэхээр 340 төгрөг буюу ганц ширхэг чихэрний үнээр ч та хувьцаатай болж болно. “Монгол шуудан”-гийн хувьцаа яг жилйин өмнө 200 төгрөг байсан бол одоо 340 төгрөг болоод өсчихсөн. Хувьцаа эзэмшигчид нь 70 хувийн ашиг хүртчихээд байж байна. Оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр ашиг хүртэнэ. Хэрэв иргэн арилжааны банкинд мөнгөө хадгалсан бол нэрлэсэн хүү буюу дунджаар 15 хувь авах байлаа. Гэхдээ эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Яагаад гэхээр 1000 төгрөгөөр авсан хувьцааны ханш унаад 100 төгрөг болчихсон тохиолдол байна. Энэ мэт зүйлээс болоод иргэд хувьцааны талаар буруу ойлголттой байдаг. Сайн компанийн хувьцааг сонгохын тулд үйлчилгээ авч буй брокерын компани сайн зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй.
Тэгэхээр хүн болгон шахуу хувьаатай болчихврол манай эдийн засгийн хямрал арилах магадлалтай гэж ойлгож болох уу?
Хүн болгон хөрөнгийн зах зээлийг сонирхдог болчихвол шинэ, шинэ бүтээгдэхүүн гарах боломж нэмэгдэнэ. Тухайн компанийг санхүүгээр дэмжиж өгч байна гэсэн үг. Тухайн компани нь хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгөөр томоохон хөрөнгө босгоод, үйл ажиллагаагаа тэлнэ, олон ажлын байр бий болно. Компаниудын үйл ажиллагаа жигдрээд, ашигтай ажиллаад ирэхээр эргээд эдийн засагт сайнаар нөлөөлнө. Мөн хувьцаа бол хөрөнгө учраас, хүн бүр хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Та тэнд мэргэжлийн ажлаа хийгээд явж байхад, хувьцаа эзэмшдэг компанынхан чинь таны өмнөөс ажиллаад, таны мөнгийг өсгөж байна гэсэн үг. Япон улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцож хувьцаа эзэмшдэг. Энэ нь тус улсын хөгжлийн гол тулгуур, үйлдвэрлэл хөгжих нөхцөл байж чадсан. Гэтэл манай улсад нийт санхүүгийн зах зээлийн 5%-ийг Хөрөнгийн зах зээл эзлэж, арилжаа нь идэвхтэй бус байна.
Ард санхүүгийн нэгдлийн нэгж хувьцаа хэдэн төгрөгөөр арилжаалагдаж байна бэ?
Ард санхүүгийн нэгдэлийн нэгж хувьцаа үнэлгээ 2517 төгрөг байгаа. Бид хаалттай хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 2100 төгрөгөөр санал болгож байна. Манай компанийн хувьцааг 2100 төгрөгөөр авах боломжтой.
Эх сурвалж: Өдрийн сонин, 2017.01.18-ны №012 /5559/